Энэхүү нийтлэлээр орчин үеийн нүүдэлчид буюу “Digital Nomad“-н талаар сонирхолтой мэдээллийг танилцуулахад бэлэн боллоо. Гол сэдэвтээ орохоос өмнө танаас нэгэн асуулт асууя. Нүүдэлчдийн тухай ярихад таны санаанд хамгийн түрүүнд юу орж байна?
Магадгүй морин тэрэг, монгол аж ахуй нүдэнд тань харагдаж, тал нутагтаа эрх чөлөөтэй амьдрах энгийн нэгэн монгол айл санаанд тань бууж байна уу? Эртний түүхтэй манай улсад нүүдэллэх ёс, нүүдлийн аж ахуй дэндүү дотно, сэтгэлд нэг л ойр байдаг билээ. Тэгвэл орчин үед уламжлалт нүүдэллэх ойлголтыг өөртөө шингээн, улс улсаар нүүдэллэн ажиллаж, амьдардаг “Дижитал Номад” гэх шинэ амьдралын хэв маяг бий болжээ.
“Дижитал Номад” гэдэг нь орчин үеийн технологийг ашиглан дэлхийн хаанаас ч ажиллах боломжтой, газарзүйн хувьд хараат бус ажилтнуудыг хэлнэ.
Тэд дижитал хэрэгсэл, интернэт ашиглан дэлхийн хаана ч аялангаа ажлаа хийж боломжтой байдгаараа онцлогтой. Зарим дижитал номадууд амьдрах зардал багатай орнуудыг сонгож, санхүүгийн хувьд илүү эрх чөлөөтэй байдлыг бий болгодог. Бидний шимтэн үздэг Холливудын кинон дээр нэг күүл залуу далайн эрэг дээр биеэ шараад л, жүүс шимэнгээ лаптоп дээрээ ядах юмгүй ажлаа амжуулаад байдагдаа. Тэд орчин үеийн нүүдэлчид байсан байх нь ээ.
Дижитал номадууд юу хийдэг талаар жишээ дурдвал:
- Фрилансерууд: График дизайн, програмистууд, орчуулагчид гэх мэт мэргэжлүүд.
- Алсын зайнаас ажилладаг ажилтнууд: Компанидаа байнгын ажиллаж, харин ажлаа зайнаас гүйцэтгэдэг.
- Өөрсдийн бизнестэй хүмүүс: Онлайн дэлгүүр, зөвлөгөө өгөх үйлчилгээ зэрэг.
Дижитал номад амьдралын хэв маяг нь шууд утгаараа дэлхийн иргэн болж, хил хязгааргүй чөлөөтэй амьдрах боломжийг олгодог гэж ойлгож болно.
Дижитал Монголчууд
Мэдээж нүүдэлчдийн томоохон төлөөлөл болох монголчуудын хувьд өөрсдийн ур чадвараа дэлхийд үнэлүүлэх, мэдлэг чадвараа хуваалцах боломжтой. Улс улс дамжин аялж, ажиллахад тухайн улсын соёл, хүмүүстэй дасан зохицох зэрэг зарим асуудлууд эхнээсээ тулгарна. Тэгвэл бидний давуу тал юу вэ?
Нүүдэлчдийн давуу талууд:
- Дасан зохицох чадвар: Бидний уламжлалт нүүдэлчин амьдрал нь орчны өөрчлөлтөд хурдан дасан зохицох чадварыг хөгжүүлсэн байдаг нь шинэ орчин, соёл, ажиллах нөхцөлд амархан дасахад тусалдаг.
- Технологийн хэрэглээний сонирхол: Орчин үеийн залуус технологи, интернэтэд хурдан суралцдаг болсон нь дижитал ур чадвараа хөгжүүлж, олон улсын зах зээлд өрсөлдөх боломжийг нэмэгдүүлэх боломжтой.
- Аялал, адал явдалд дуртай: Шинэ газарт очих, адал явдалд дуртай зан чанар нь шинэ зүйл турших сэдэл болох талтай.
Монгол Дижитал Номад болох Амарсанаагийн Амарбаяртай танилцъя
Амарсанаагийн Амарбаяр нь инженер, дижитал номад, бизнес эрхлэгч бөгөөд тэрээр технологийн салбарт 10 орчим жил ажиллахдаа Амазон, Apple зэрэг компаниудад инженерийн багийг удирдаж байсан асар их туршлагатай нэгэн билээ. Та бүхэн түүний дижитал номад амьдралын хэв маяг, энгийн нэгэн Монгол хүүгээс цахиурын хөндийн томоохон компанийн ахлах инженер болсон түүхийг энэхүү илтгэлээс сонирхоорой.
Дижитал виз гэж юу вэ?
Дижитал виз нь тухайн улсын засгийн газраас дижитал номадуудад зориулан олгодог тусгай виз бөгөөд гадаадаас онлайнаар ажиллах боломжийг олгодог хууль ёсны зөвшөөрөл юм. Анх Эстони улс нэвтрүүлснээс хойш олон улс дижитал ажилчдыг татах бодлогыг хэрэгжүүлж эхэлжээ. Одоогийн байдлаар 19 улс ийм боломж олгож байгаа бөгөөд номадууд өөрийн эх оронд бус, гадаад улсад байрлаж байхдаа алсын зайны ажлаа үргэлжлүүлэх боломжийг дэмжиж байгаа юм. Виз нь богино хугацааны (6 сар хүртэл) болон урт хугацааны (1 жил ба түүнээс дээш) байж болно. Зарим улсад хугацааг сунгах боломжтой.
Алсын зайнаас ажиллаж орлого олох боломжтой платформууд:
- Upwork
- Онлайнаар хийх боломжтой олон төрлийн ажлууд бий.
- Freelancer
- График дизайн, програмчлал, бичих ажил зэрэг төрөл бүрийн ажилд зориулсан платформ.
- Toptal
- Програм хангамж хөгжүүлэгчид болон дизайнеруудад зориулсан платформ.
- We Work Remotely
- Алсын зайны ажлын заруудтай томоохон сайт.
- Remote.co
- Алсын зайнаас хийх боломжтой ажлын жагсаалтууд.
Дүгнэлт
Орчин үед дижитал нүүдэлчид дэлхийн хөдөлмөрийн зах зээлийн шинэ өнгө төрхийг тодорхойлдог болжээ. Тэд технологийн дэвшилд тулгуурлан хаанаас ч ажиллаж, эрх чөлөөт амьдралын хэв маягийг бий болгож чадаж байгаа нь гайхалтай. Дижитал нүүдэлчдийн энэ соёл нь хувь хүний бүтээлч байдлыг хөгжүүлэхийн зэрэгцээ улс орнуудад эдийн засгийн шинэ боломжуудыг нээж өгч байна. Монголчууд энэ чиглэлээр амжилт гаргаж, дэлхийн тавцанд хүчтэй өрсөлдөж чадна гэдэгт эргэлзэх зүйлгүй. 🌍