fbpx

Хэрвээ чиний компьютер асдаг л бол чи код бичиж чадна. Энэ үг бага зэрэг хэтрүүлэгтэй санагдаж болох ч үнэн хэрэгтээ програмчлалын үндсэн ойлголтуудаас эхлээд competitive programming -ийн бодлогуудыг шийдэх хүртэл чиний компьютер зөвхөн интернэт холболттой, веб хөтөч ашиглах боломжтой байхад л хангалттай. Өмнөх нийтлэлээр бид competitive programming -д тохиромжтой програмчлалын хэлийг хэрхэн сонгох талаар оруулсан билээ. Тэгвэл энэ удаагийн нийтлэлээр ямар IDE ашиглах нь давуу талтай талаар өгүүлнэ.

Код бичиж, бодлого бодоход бидэнд IDE буюу Integrated Development Environment маш олон давуу тал нэмэлт боломжуудыг олгодог. Яахав Notepad зэрэг энгийн текст засварлагчаар код бичих боломжтой ч IDE ашигласнаар илүү үр дүнтэй, бүтээмжтэй ажиллах орчин бүрддэг. IDE нь код бичихэд туслах автокомплит, синтакс шалгах, алдаа засах, кодын бүтцийг хянах зэрэг олон хэрэгслүүдийг нэг дор санал болгодог тул програмчлалын ажлыг хялбаршуулж, хурдасгадаг.

Програмистуудын дунд өргөн хэрэглэгддэг IDE-үүд маш олон байдаг бөгөөд тэдгээрийн онцлог, давуу талуудыг бид өмнө нь “Програмистуудад зориулсан шилдэг 10 IDE” нийтлэлээр дэлгэрэнгүй танилцуулсан билээ. Энэ удаад competitive programming-д давуу тал үүсгэж, илүү үр дүнтэй ажиллах боломжийг олгох шилдэг 3 IDE-ийг танилцуулж байна.

Visual Studio Code :

    Давуу талууд:

    • Олон төрлийн программчлалын хэлийг ашиглах боломжтой. (C++, Python, Java, гэх мэт бүх гол хэлийг дэмждэг).
    • Code Runner зэрэг өргөтгөлүүдийг ашиглан хурдан код ажиллуулж, шалгах боломжтой.
    • Git болон бусад хөгжүүлэлтийн хэрэгслүүдтэй хялбар интеграцчилагддаг.

    Яагаад тохиромжтой вэ?
    Visual Studio Code нь хөнгөн, уян хатан бүтэцтэй тул competitive programming-д шаардлагатай хурдтай ажиллах орчин бүрдүүлдэг. Өргөтгөлүүдийг (extentions) өөрийн хэрэгцээнд тохируулан суулгаж, оновчтой тохиргоог хийх боломжтой.

    Компьютерын шаардлагат үзүүлэлт :

    • Үйлдлийн систем: Windows 7/8/10/11, macOS, Linux (Ubuntu, Debian, Fedora, гэх мэт)
    • Процессор: 1.6 GHz эсвэл түүнээс дээш хурдтай
    • Санах ой (RAM): 2 GB (4 GB-ийг санал болгодог)
    • Хадгалах зай (HARD): 200 MB сул зай.

    CLion :

    Давуу талууд:

    • C++ болон competitive programming-д түгээмэл ашиглагддаг хэлийг сайн дэмждэг.
    • Алдааг оношлох (debugging) хэрэгслүүд сайтай ба энэ нь томоохон давуу талыг үүсгэдэг.
    • Кодыг автоматаар форматлах, синтакс шалгах боломжтой. Ингэснээр илүү хурдан код бичих боломжийг олгодог.


    Яагаад тохиромжтой вэ?
    JetBrains-ээс гаргасан хүчирхэг IDE. CLion нь C++ дээр ихэвчлэн ажилладаг competitive программистуудад зориулсан хүчирхэг сонголт юм. Алдааг засах, бүтээмж нэмэгдүүлэх хэрэгслүүд нь хурдан, найдвартай шийдэл боловсруулахад тусалдаг.

    Компьютерын шаардлагат үзүүлэлт :

    • Үйлдлийн систем: Windows 10/11 (64-bit) , macOS 10.14 буюу түүнээс дээш, Linux (64-bit, сүүлийн үеийн хувилбарууд)
    • Процессор: 2 GHz эсвэл түүнээс дээш (хоёр цөмтэйг санал болгодог)
    • Санах ой (RAM): 4 GB (8 GB-ийг санал болгодог)
    • Хадгалах зай (HARD): 1.5 GB сул зай + 1 GB cache-д зориулсан нэмэлт зай.

      Code::Blocks :

      Давуу талууд:

      • Энгийн, ашиглахад хялбар.
      • C++ болон бусад хэл дээр төвлөрсөн, хурдан ажилладаг.
      • Алдааг оношлох, тестлэх үндсэн хэрэгслүүдтэй.

      Яагаад тохиромжтой вэ?
      Code::Blocks нь competitive programming эхэлж буй хүмүүст зориулсан энгийн бөгөөд найдвартай сонголт юм. Хялбар интерфэйстэй тул эхлэн суралцагчдаас эхлээд ахисан түвшний программистуудад хүртэл тохиромжтой.

      Компьютерын шаардлагат үзүүлэлт :

      • Үйлдлийн систем: Windows XP/7/8/10/11, macOS, Linux
      • Процессор: 1 GHz эсвэл түүнээс дээш
      • Санах ой (RAM): 512 MB (1 GB-ийг санал болгодог)
      • Хадгалах зай (HARD): 200 MB сул зай.

        Хэрвээ та анхлан суралцагч бол дээрх 3 IDE-ийг өөрийн хэрэгцээ, програмчлалын хэлийг үндэслэн сонгохыг санал болгож байна. Visual Studio Code нь олон талын уян хатан байдалтай, CLion нь C++ хөгжүүлэлтийн хүчирхэг хэрэгсэлтэй, харин Code::Blocks нь энгийн, хурдан шийдэл хайгчдад тохиромжтой. Ямар IDE ашиглаж эхлэхээс үл хамааран хамгийн чухал нь өөрийн ур чадвараа тасралтгүй хөгжүүлж, хичээл зүтгэл гаргахад орших билээ. “Нууц жор гэж үгүй, хийж байгаа зүйлээ онцгой гэж итгэхэд л хангалттай”.

        Leave a Reply