Бизнес эрхлэгч болон startup-ууд ямар систем ашиглан дотоод нөөцөө зохицуулдаг юм бол гэж та гайхаж байсан уу ?
Яагаад ERP гэж?
Бизнес эрхлэгч болон жижиг дунд байгууллагуудад хүний нөөц, маркетинг, санхүү, борлуулалт, онлайн худалдаа зэрэг салбар бүрд өөр өөрийн онцлог функцүүдтэй систем хэрэгтэй. Мэдээж тэр бүгдэд таарсан систем платформууд маш их бий. Гэвч тэдгээр нь нэг байгууллагын үйл ажиллагаа учир хоорондоо холбогддог, мэдээлэл дамжуулдаг байх хэрэгтэй. Тэдгээрийг зохицуулах хооронд нь тааруулж ажиллуулах, гэж нэлээн цаг хугацаа болон хүч хөдөлмөр шаардах ба алдаа гарах нь маргаангүй юм. Энэ асуудлыг шийдэхээр ERP систем гарч ирсэн бөгөөд дээр дурдсан бүх системүүд нэг аппликэйшн болж холбогдсон байдаг.
Odoo EPR систем
ERP системүүд дундаас Odoo нь хамгийн алдартай бөгөөд нээлттэй эхийн болон хаалттай эхийн гэсэн 2 хувилбартай байдаг. Модульчлагдсан бүтэц нь уг системийг илүү ашиглахад хялбар болгож өгдөг. Odoo нь 30 гаруй үндсэн программ, 16,000 гаруй модультай томоохон систем юм. Мөн нээлттэй эхийн GNU LGPLv3 лицензтэй. Хүн бүр өөрийн бизнестээ зориулан модуль нэмж өөрчлөх боломжтой нь Odoo системийн маш том давуу тал юм. Орчин үеийн веб технологид суурилсан бөгөөд веб хөтөч болон гар утасны программын аль алин дээр ашиглах боломжтой. Ихэвчлэн Python, PostgreSql, Javaskript болон XML хэлнүүд дээр бичигдсэн байдаг.
Odoo системийн давуу талууд
Нэгдсэн нэг системд тухайн байгууллагын бүх зүйл байх учир мэдээлэл дамжуулахад хурдтай байдаг. Энэ нь мэдээллийг аюулгүй байдал талаас нь сул тал багатай болгодог. Түүнчлэн үйл ажиллагааныхаа өгөгдөл дээр анализ хийх,хяналт тавих зэргийг өөрт тохирсон модуль нэмээд л шийдэх боломжтой. Мөн маш сайн хэрэглэгчийн интерфейстэй бөгөөд программчлалын мэдлэггүй хүн ч гэсэн өөрийн хэрэгцээндээ тааруулан ашиглах боломжтой юм.
Odoo системийн сул талууд
Odoo шиг ERP системийг хэрэгжүүлэх нь ихээхэн төлөвлөлт, нөөц шаарддаг бөгөөд цаг хугацаа их шаардсан ажил юм. Тухайн системд туршлага багатай жижиг бизнесүүдэд анхнаасаа буруу төлөвлөлт хийх эрсдэл гарж болзошгүй. Шинэ хувилбарууд нь одоо байгаа хувилбарын модультай таарахгүй байж болох тул модулийг өөрчилөн ашиглаж буй системүүдийн хувьд байнгын шинэчлэлт, засвар үйлчилгээ хэрэгтэй байдаг.