fbpx

Зиа Те³ клубын зүгээс 7 хоног болгон хүргэхээр төлөвлөж буй блогийн хамгийн эхний бичлэг үүгээр эхлэж буйг дуулгахад таатай байна аа. Миний бие бээр цахилгаан болон компьютерийн инженерийн мэргэжилтэй бөгөөд блог бичих, код бичих, ном бичих, хуулан бичлэг бичих, цээж бичиг бичих зэрэг сонирхолтой хүн байгаа юм хаха тоглоом шүү. Мэдээж энэ блог пост учир нээх сайхан LAID BACK стильтэй явна. За анхны сэдэв бол програм бичиж сураагүй эсвэл дөнгөж сурч байгаа нөхдүүдэд өгөх зөвөлгөө. Дараагийн блогт хэрхэн Python-ийг 3 төрлийн үйлдлийн систем дээр суулгах вэ? гэдэг талаар байх болно. За оршил маань явж дууссан учир сэдэв рүүгээ оръё.

Зөвлөгөө 1. Хамгийн эхлээд програмчиллын үндсийг сур

Дуртай хэлээ сонгож аваад, Java, Python, C/C++, JavaScript аль нь ч хамаагүй. Учир нь програмчиллын үндэс бол бүх хэлэнд юниверсал жишээ нь бүх хэл дээр For loop, if statement, variable, array/list, function/method гэх зэрэг нь байдаг. Тиймээс дурын нэг хэл сонгож аваад тэдгээрийг сурах хэрэгтэй. Магадгүй 1 сарын дотор эсвэл 7 хоногийн дотор ч сурчихаж мэднэ. ТИЙМ ЭЭ 7 хоног, код бичих нь тийм ч хэцүү биш, үүнд авъяас хэрэггүй. Гэснээс миний бэлдсэн онлайн хичээл ->энд<- байгаа шүү. Энд гэдэг дээр нь дар.

code, coding, programming
Coding – зүгээр хоосон бичиг уншиж байхаар энд тэндгүй байдаг күүл кодчлолын зураг хараарай.

Зөвлөгөө 2. Үр дүнд суурил

Хэн ч Java хэлийг сурахын төлөө Java хэлийг сурдаггүй. Программын хэл гэдэг бол таны гарт байгаа багаж гэсэн үг. Харин тэр багажаар юу хийж чадах вэ? Энэ л хамгийн чухал, ажлын өргөдөлд хүртэл та С хэлийг хэр эзэмшсэн бэ? биш та С хэл дээр юу юу хийж байсан бэ? гэж асуух болно. Тийм учир хэлийг нь төгс эзэмших гэж хичээхийн оронд ямар нэгэн зүйл бүтээхийг оролд.
Мөн програмын хэл болгон маш хурдтай өөрчлөгдөж зарим зүйлс нь хасагдаж зарим нь шинээр нэмэгдэж бүр програмчиллын практик нь хүртэл өөр арга барилыг зөвлөж байдаг маш динамик салбар. Тиймээс танд хэлийг нь цээжлэх биш одоогийн орчинд хэр хурдан хүссэн программ, апп, вэбээ гаргаж чадах вэ? гэдэг чухал.
ДУУСТАЛ НЬ СУРЧ УГААСАА ЧАДАХГҮЙ. Тиймээ та зөв уншсан, эцсийн эцэст энэ бол хэл. Орос, Англи, Монгол гэдэг шиг төгс мэдэх боломжгүй, жишээ нь С хэл 1970 оноос хойш байсан бөгөөд 30+ жилийн туршлагатай хүн хүртэл бүгдийг нь мэддэггүй. Тиймээс өөрт хэрэгтэй зүйлсийг сонгож суралцаад түүгээрээ үр дүнд хүрэх хэрэгтэй.
Хэл бол бүх зүйл биш. Нэг программын хэлийг гайгүй сайн сурлаа гээд та тэр хэл дээр апп зохиоход ямар ч асуудалгүй боллоо гэсэн үг биш. ЯАГААД? Яагаад гэвэл экосистем тэр чигтээ өөрчлөгдөж байгаа учраас. Таны хийж буй програмд хэрэг болох API, framework, operating system, хүмүүсийн тухайн үеийн сонирхол, хэрэглэж буй утас компьютер гээд бүх л зүйлээс хамааралтай. Тиймээс бүгдэнг нь сурах гэж битгий хичээ.

programming, engineer, coding, developing, программчлал, код бичих
Код бичиж буй би – үнэндээ энэ үед хамаг цаг заваа гаргаж хийсэн аппликэйшн маань хэрэглээнд нэвтрээгүй.

Зөвлөгөө 3. ТӨГС ЗҮЙЛ ГЭЖ БАЙХГҮЙ

Миний хамгийн анхны бичсэн програм бол тетрис тоглоом байлаа. 2р курсдээ С хэл дээр бичсэн тэр 2000+ мөр код тухайн үедээ надад төгс төгөлдрийн дээд мэт санагдаж байв. Магадгүй Да Винчи Мона Лизагаа зурж дуусаад тийм мэдрэмж авсан биз. Гэвч саяхан би тэр кодоо гаргаж ирээд “Энэ одоо юу гээч нь вэ” гэж дотроо бодсон юм даа. Тийм ээ та хэзээ ч төгс код бичиж эсвэл төгс утас зохион бүтээж чадахгүй, энэ таны буруу биш технологийн салбар угаасаа л ийм юм. Гэвч миний бичсэн тетрис ажиллагааны хувьд ямар ч асуудалгүй, 100% тоглож болохоор программ байсан юм. Би хичнээн кодоо заcч сайжруулсан нь хэрэглэгч хэзээ ч анзаарахгүй. Тиймээс, давтан хэлье төгс код гэж байхгүй, бүгд “хог” ажиллаж л байвал тэр чигт нь орхиод цаашаа үргэлжлүүл залуу минь.

2012 Онд ийм зүйл хийж байжээ.

Зөвлөгөө 4. Гүүгл бүх датабэйсээ 3-5 жил тутамд бүтнээр нь дахиж шинээр бичдэг гэх цуу яриа бий. Яагаад?

Яагаад гэвэл хэн ч хэзээ ч төгс код бичдэггүй юм. Эргэн тойронд байгаа технологиудыг хараад та ПӨӨХ ямар күүл юм бээ бурхан минь үнэхээр төгс шийдэл юм гэж бодож болох ч, яг мөн чанартаа гадуураа л сайхан дизайнтай бас л нэг “хог” код байх болно. Энэ зөвлөгөөг яагаад өгч байгаа вэ гэхээр, хүмүүс том програм бичиж эхлэхдээ маш ихээр эмээдэг, би зөв хийж байгаа болов уу, миний код сайн код болов уу гэх мэтээр. Санаа зоволтгүй дээ залуу минь “if it works then its not stupid” гэж манай багш хэлж байсан юм. Тиймээс ажиллаж л байвал бүү санаа зов.

Ажиллаж л байвал тэнэг биш!

Манай их сургуулийн багш Маттев Дэ Суза

Сүүлчийн зөвлөгөө. Код бичиж сурахаас илүү код бичиж сурахаа эхлэх нь хэцүү байдаг

Хаха толгой эргэмээр өгүүлбэр бэ, бичиж суухдаа 3 удаа гүйлгэж уншиж байж өөрөө ойлголоо, яг л кармандаа хийсэн чихэвч шиг болж. Гэхдээ бүү санаа зов маш жижигхээн жишээгээр тайлбарлая. Би С хэл мэддэг ч С++ мэддэггүй байв. Маш олон ажлын зарууд дээр С++ мэддэг инженер ажилд авна гэсэн байсныг хараад С++ сурах зорилт өөртөө тависнаас хойш хойшлуулсаар хойшлуулсаар /залхуу бас чадахгүй байх гэсэн айдсаасаа болоод/ 2 жилийн дараа зориг гарган эхлүүлхэд 7 хоногийн дотор би концептийг нь үзээд дуусгасан байв. Харж байна уу? Код бичиж сурах бол тийм ч хэцүү биш. Магадгүй та яг одоо үүнийг уншиж дуусаад нэг хэл сурахаар шийдээд миний дараагийн блогийг орох үед өөрийн гэсэн вэбтэй болчихсон ч байж магадгүй шүү дээ.
Гэснээс манай сургалтанд бүртгүүлмээр байвал доорх коноопыг дараарай.