Та магадгүй тоглоомын ач тус гэхээр ийнхүү гайхаж байж болох юм:
“Зүгээр л хөгжилдөх зориулалттай тоглоом нь тийм ач тустай юу?” “Хүүхэд суралцахад тоглоом тоглох нь ач холбогдолтой гэж үү?” гэх мэт. Бид бүхэн хүүхдүүдийг хичээлийн бус цагаар л ихэвчлэн гадаа тоглох ёстой гэж ойлгож байдаг. Гэвч тоглоомыг хичээлийн цагаар ч тоглох боломжтой. Багш нар хичээлээ хөгжилтэйгөөр эхлүүлэхийн тулд, цээжлэхэд хэцүү зүйлсийг хурдан сурахын тулд эсвэл гадаад хэлийг дүрд орж жүжигчилж тоглон үр бүтээлтэй суралцаж болох юм.
Одоогийн байдлаар Кембрижийн их сургуулийн англи хэлний баг нь гар утас болон компьютерын тоглоом буюу видео тоглоомын ач тусын талаар судалгаа хийж байгаа юм.
Тоглоомыг зөв ашиглаж чадвал ямар ч насны хүнд гайхалтай суралцах арга болдог байна. Мөн голчлон жоохон хүүхдүүдэд чухал байдаг. Тоглоомыг олуулаа тоглох юм бол тэнд өрсөлдөөн, хэцүү сорилт болон хөгжилтэй байдал гээд аливаа зүйлд суралцахад хэрэгтэй олон хүчин зүйлс оршиж байдаг.
Үүнийг хичээлтэйгээ хослуулан зөвөөр ашигласнаар ямарваа нэг зүйлийг сурахад аль ч насны хүнд давуу тал болж өгдөг. Амьдрал дээр жишээ авч үзэх юм бол та өөрийн хүү, охин, ах, дүү гээд таньдаг хүнээсээ химийн үелэх системийг асуугаад үз. Ихэнхи хүмүүс ихдээ л 5-ыг нь нэрлэж чадах байх. Харин одоо та ML, Dota, LOL, Pubg, Minecraft зэрэг тоглодог тоглоомных нь item буюу тоглоомны хэрэгслүүдийн үүрэг болон үнийг нь хэрхэн угсардаг талаар хамтад нь асуугаад үзээрэй. Магадгүй таныг гайхшруулах байх.
Хэрэв та хүүхдийнхээ дуртай тоглоомыг нь мэддэг бол хичээлтэй нь хослуулан хамт суралцах талаар зөвлөөд үзээрэй. Мөн та өөрөө ч туршаад үзэж болох юм.