Монголын боловсролын систем уналтад орж, Монгол хүүхдүүдийн ур чадвар олон улсын дундаж үзүүлэлтээс улам доогуур бичигдэж байна. Салбарын сайд нь хүртэл хүлээн зөвшөөрчихсөн энэ нөхцөлд ёстой л “Амь амиа бодоорой” буюу эцэг эхчүүд үр хүүхдийнхээ төлөө анхаарал хандуулах цор ганц сонголт л үлдсэн. Энэ сонголтоо зөв хийж чадахгүй, хуримтлуулсан хэдэн төгрөгөө буруу сургалтанд үрж байгааг харах үнэхээр харамсмаар санагддаг. Тэд маркетингийн “үлгэр”-үүдэд итгэн сохроор сонголт хийгээд байгаа нь анзаарагддаг. Үүний уршгаар, эцэг эхчүүд зөвхөн мөнгөө үр дүнгүй үрээд зогсохгүй хүүхдийнхээ цагийг гарздаж, сурч, мэдэх эрмэлзлийг нь мохоож, цаашилбал ирээдүйг нь баллаж байж ч мэднэ. Би тэдгээр эцэг эхүүдэд дараах 6 зөвлөгөөг өгөхийн хүсдэг.
НЭГ: ХҮҮХДИЙН СОНИРХОЛ БҮХНИЙГ ШИЙДНЭ
Австралид багшилж байхдаа хүүхдийн хүсэл сонирхол гэгч зүйл ямар чухал юм бэ гэдгийг яс махандаа шингэтлээ ойлгосон. Түүх өгүүлье.
Миний зааж байсан ангид хичээлийн үеэр юу ч хийдэггүй, багшийн үгэнд ч ордоггүй нэг тийм хүүхэд байдаг байлаа. Хичээлийг ч, багшийг ч үл тоох нь Австрали хүүхдүүдийн дунд их ховор тохиолдол тул би гайхдаг байлаа. Хичээлийн үеэр би түүнээс “Чи яагаад хичээл дээрээ юу ч хийхгүй байгаа юм бэ?” гэж асуутал “Өдөр өнжүүлэх төвөөс хямд учраас л аав, ээж маань намайг энд явуулдаг юм. Би өөрөө үүнийг огтхон ч хүсэж сонирхоогүй” гэж хэлсэн юм. Ингэж хэлснээс хойш тэр ангийн уур амьсгал шал ондоо болчихсон. Бүр хичээл зүтгэлтэй хүүхдүүд хүртэл хойргошиж, идэвхгүй болж эхэлж байгаа нь илт анзаарагдсан.
Шуудай төмс дунд ганц л муудсан төмс хийхэд тэр чигтээ мууддаг. Яг л тийм зүйл тэр ангид тохиолдсон. Хүүхдийн сонирхлыг үл харгалзан хүчээр сургалтад хамруулсны хор уршиг үүнээс харагдана. Нэг хүүхдийн нөлөө чамгүй их байдгыг би тэгэхэд л ойлгосон.
Ийм учраас манай Те3 сургалтын төв сургалт эхлэхээс өмнө эцэг эх сурагчидтайгаа заавал гурвалсан уулзалт хийдэг юм. Манай сургалтын бараг хамгийн чухал хэсэг нь энэ. Бас энэ уулзалт багшийг тухайн хүүхдийн хүсэл сонирхлыг анзаарч, харгалзахад тусладаг.
Аав, ээжээс асуух миний асуулт:
- Хүүхдээ явуулахаар сонирхож буй сургалтын төв таны хүүхдийн сонирхлыг харгалзан үзэж байна уу? Эсвэл зөвхөн төлбөрөө төлөхийг л шаардаад байна уу?
ХОЁР. АЛХААР ШРУППА ХАДААД БАЙГАА ЮМ БИШ БИЗ?
Сургалтын байгууллагууд, ялангуяа анхан шатны хөтөлбөр заадаг газруудын хувьд энэ нь маш чухал ойлголт юм. Хүүхдэд зориулсан сургалтын зориулалтын ном хэвлэл, тоног төхөөрөмж гэж тусдаа байдаг. Орчин үед тоглоом тоглож байгаагаас ялгагдахгүй хялбар аргаар хүүхдийг сургадаг болсон. Компьютер, технологийн хичээлүүд gamification буюу тоглоомчилсон байдлаар загварчлагдаад удаж байна. Манай Те3 сургалтын төвд, BBC Micro:bit, Microsoft Small Basic гэх мэт дэлхийд нэр цуутай сургалтын зориулалтын хэл болон тоног төхөөрөмжийг Австралийн боловсролын стандартыг ашигладаг.
Аав, ээжээс асуух миний асуулт: Таны сонирхож буй сургалтын төв хүүхдэд зориулсан зүйлс хэрэглэж байна уу? Таны хүүхдийг оюутнуудад зориулсан хэл дээр бодлого бодуулж “тамлах” гэж байгаа юм биш биз!
ГУРАВ: ҮР ДҮНГ НЬ ХЭМЖИХ БОЛОМЖ БАЙНА УУ?
Технологийн сургалтын төвийн арга барил уламжлалт сургалтуудаас бага зэрэг ялгаатай. Жишээ нь “бүүткемп” гэх мэт түргэвчилсэн сургалтаар мэдлэгийн цоорхойгүй академик мэдлэг олгохоос илүүтэй үр дүн, практикт суурилсан чадвар олгох зорилготой байдаг. Ийм сургалтын төгсгөлд, эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ юу бүтээснийг нүдээр үзэж, ойлгон дүгнэлт хийх боломжтой байдгаараа давуу талтай. Харин академик чадвар олгож байгаа бол IELTS, SAT гэх мэт стандарт шалгалтаар хэдэн оноо авч байгаагаар нь ур чадварыг дүгнэх боломж бий. Харин манай Те3 сургалтын төвд хүүхдүүд тоглоом, вебсайт гэх мэт бодит зүйлс хийж, үзүүлэх замаар сурч, мэдсэн ур чадвараа эцэг эхдээ тайлагнадаг. Бас хичээл болгоны дараа хүүхдээ биеэр ирж авахыг эцэг эхүүдэд зөвлөдөг. Ингэснээр, аав ээжүүдэд хүүхдийнхээ хичээл дээр хийсэн зүйлстэй нь танилцах, багштай нь ярилцах боломжийг олгодог бол суралцагч хүүхдүүдэд итгэл өгч, урам зориг нэмдэг.
Аав, ээжээс асуух миний асуулт: Таны хүүхдээ сургахаар сонирхож байгаа сургалтын үр дүн юугаар хэмжигдэх бол?
ДӨРӨВ: ТАНЫ ХҮҮХДИЙН ИРЭЭДҮЙ МЭРГЭЖЛИЙН БУС ХҮМҮҮСИЙН АМЬДРАХ АРГА БОЛОХ ЁСГҮЙ
Боловсролыг нэг бол “цагаан мөртэй сайхан үйл”, нөгөөтэйгүүр, “ашигтай бизнес” гэж тодорхойлж болно. Гэхдээ, зөвхөн зөв явуулж чадсан тохиолдолд шүү. Ашигтай болохоор нь, зөв хийж чадахгүй ч хийхийг оролдож буй хүмүүс олон. Тиймээс, тухайн бизнес эрхлэгч ямар угшил гаралтай хүн бэ? Багш хүн мөн үү? Багшлах туршлагатай юу? Багш нарынхаа ажлыг зөв дүгнэх чадвартай юу? гэх мэт асуултуудын хариуг хүүхдийнхээ сургалтанд мөнгөө зарцуулах гэж байгаа эцэг эх та олох хэрэгтэй.
“Муу эмч нэг хүний амийг, муу багш 100 хүний амьдралыг сүйрүүлдэг” гэдэг үг бий.
Би дэлхийн шилдэг 50 их сургуулийн нэг болох The University of Queensland сургуулийг төгссөн бөгөөд тус сургуулийн, өөрийн багшаа Те3 сургалтын төвийнхөө зөвлөх багшаар ажиллуулж, улирал болгон өөртөө болон сургалтын төвийнхөө багш нартаа сургалт авч, чадавхижуулдаг.
Жишээлбэл би дөнгөж саяхан кодинг сургалт явуулах гэж буй Англи хэлний сургалтын төвийн захиралтай уулзсан. Тэр хүнтэй ярилцаж үзсний үндсэн дээр ийм луйврын шинж чанартай сургалтуудаас БҮХ хүмүүсийг хамгаалах нь зөв гэж дүгнэсэн: Учир нь нэг үхрийн эвэр доргивол мянган үхсрийн эвэр доргино шүү дээ. Дэлхийд үнэлэгдэх, мэргэшсэн, чанартай, топ, түргэн хугацаанд гэх мэтийн маркетингийн бялуу шиг үгээр хүмүүсийг хуурч чанаргүй боловсрол олгож буй газрууд бол надтай адил зүйлд тэмүүлж буй мэргэжил нэгтнүүд биш шууд утгаараа дайснууд юм. Эдгээр сургалтууд дөнгөж өндийж эхэлж буй манай салбарт муу нэр авчраад зогсохгүй маш олон хүүхдүүдийг системгүй мэдлэгээр шахаж хохироож буй юм. Тиймээс энэ төрлийн сургалтын газруудыг судлах ёстой. Бараг маркетингийнх нь хэрэглэж болохгүй үгийн жагсаалт гаргах ч ёстой.
Жишээлбэл дэлхийд үнэлэгдсэн инженер болгоно гэсэн сургалтын ард дэлхийд үнэлэгдээгүй багш дэлхийд үнэлэгдээгүй баг байж байх жишээний. Багшийн эрдэм шавьд гэдэг үг оргүй үг биш. Миний төгссөн сургууль дэлхийн хамгийн шилдэг 100 их сургуулийн нэг. Би Австрали улсын ерөнхий боловсролын сургуулиудад багшилж байсан. Гэвч Монгол улсад тэр стандартыг бодитоор хэрэгжүүлээд бодитоор 10р ангийн хүүхдийн бүх хоцрогдлыг 2 сарын дотор нөхөх боломжгүй учир хэзээ ч тийм амлалт өгдөггүй.
Багш бол стандартын дагуу хөтөлбөр бэлтгэж сурагчдад хүргэх ёстой хүн болохоос стандарт батлах ёстой хүн биш. Маш олон сургалтууд багш авна гэсэн зарын цаана хөтөлбөрөө өөрөө бэлтгэнэ гэсэн МАНГАР зүйлийг шаарддаг. Угтаа энэ нь сургалт явуулж буй хүн багшийн ур чадвар, гүйцэтгэлийг хянах чадваргүй МӨНГӨНИЙ ШУНАЛ л байна гэсэн үг. Өөрөө стандарт хөтөлбөр зэргээ мэдэхгүй гүйцэтгэгчдээ даатгачихаад яаж чанар амлаж чадах вэ? Өөрөө өөртөө ямар ч хүн муу дүн тавихгүй шүү дээ. Тиймээс багшийн цаана багшийн гүйцэтгэлийг хянах чадвартай эрхлэгч эсвэл захирал нь байх хэрэгтэй. Аав, ээжээс асуух миний асуулт: Таны судалж буй сургалтын төв таны хүүхдээр БОХИР бизнес хийхгээгүй гэдэгт та хэр итгэлтэй байна вэ?
ТАВ: ТӨЛБӨРӨӨ НЭМЭХ ҮҮ, СУРАЛЦАГЧДЫН ТООГ НЭМЭХ ҮҮ?
Сургалтын төв ашгаа нэмэгдүүлэх хоёрхон төрлийн боломж байдаг. Нэгд, төлбөрөө нэмэх, хоёрт, сурагчдын тоог нэмэх.
Төлбөр нэмэх нь суралцагчдад хамгийн ашигтай хувилбар. Яагаад гэхээр, үнэ нэмэгдсэн ч сургалтын чанар өөрчлөгдөхгүй. Ихэнх хүмүүс үүнийг ойлгодоггүй. Тийм учраас, ихэнх сургалтын төвүүд үнээ нэмэхийн оронд хэдэн хүүхэд нэмээд авахыг илүүд үздэг. Гэвч энэ бол сургалтын чанарын хувьд хорт хавдар л гэсэн үг.
Багш сурагчийн тооны харьцаа сургалтын чанарт шууд нөлөөлдөг. Тиймээс энэ харьцааг та хэрхэн хангаж байгааг маш сайн асууж судлах ёстой. Ялангуяа таны хүүхэд тухай салбарт анхлан суралцаж байгаа эсвэл бага насных бол бүх илүү нухацтай анхаараарай. Багш нарын хүүхэдтэй тулж ажиллах арга барилыг сонсож, таны хүүхдэд тохирсон зөвлөгөөг өгөх хангалттай цаг зав, боломж байгаа эсэхийг судлах хэрэгтэй. Нэгэнт сурах арга барилаа олсон зорилго тодорхой оюутнуудад энэ асуудал онц чухал биш. Харин дөнгөж суралцаж буй хүүхдүүдийн хувьд өөр. Манай сургалтын Те3 төв нэг багшид ногдох хүүхдийн тоог хоёр хувилбараар гаргадаг. Туршлагагүй багшид 6, туршлагатай багшид хамгийн ихдээ 12 байхаар дүрэмчилсэн. Энэ нь сурагчидтайгаа тулж ажиллах, тэдний ойлгохгүй байгаа зүйлийн учир шалтгаануудыг таньж мэдэн, зөвхөн тухайн хүүхдэд шаардлагатай зөвлөгөөг өгөхөд хангалттай цаг гаргахын тулд юм. Харин нэг багшид анхан шатны 20 хүүхэд байгааг ойлгох тун бэрх. Нэг бол багш нь БУРХАН БАГШ, нэг бол сургалтын чанар шалаар нэг болохын цондон гэж шуудхан хэлье. Аав, ээжээс асуух миний асуулт: Таны хүүхэд хэдэн сурагчтай ангид хичээллэдэгийг хүүхдээсээ асуугаарай.
ЗУРГАА: СУРАЛЦАХ ПРОЦЕССИЙН ИХЭНХ НЬ АНГИАС ГАДУУР ЯВАГДДАГ
Learning Theory буюу суралцахуйн арга барилыг багш нар бүгд судлах учиртай. Суралцахуй бол мэдлэг, чадвар дадал, соёлын үнэт зүйлсийг эзэмших, шинэ хандлагаар төлөвших үйл явц гэдгийг тайлбарласан онол юм. Мөн суралцах үйл явцын ихэнх нь сургуулийн анги танхимаас гадуур явагддаг гэсэн онол юм. Тиймээс гэрийн даалгавар хийх, хичээлээс гадуур давтлага авах боломжтой байх нь маш чухал. Би энэ тухай зөвлөх багшийнхаа сургалтад сууснаар олж мэдсэн бөгөөд тэр даруйдаа сургалтын тогтолцоондоо нэвтрүүлсэн. Улмаар манай бүх хөтөлбөрүүд 32 цагийн танхимын хөтөлбөр дээр нэмэх нь хөтөлбөрийн стандартыг хангуулах 32 цагийн ганцаарчилсан давтлага өгөх онлайн хичээлтэй болсон. Дэлхийн тэргүүлэх их сургуулиудтай ижил зарчмаар ажилладаг болсон гэсэн үг. Австралид гэхэд л, сургуулиуд лекцэнд ирц бүртгэдэггүй. Сурагч, оюутнууд багшаас асуулт асуух, ойлгоогүй хичээлээ 100% гүйцээж ойлгох боломж гэж бодож л ирдэг. Харин Монголд бид лекцийн үеэр бараг л цээж бичиг хийж байгаа юм шиг тэмдэглэж, түүнийгээ шалгуулж дүн авах гэж ирдэг. Гэтэл миний сурч төгссөн The University of Queensland сургуульд лекцүүдийг тухайн орсон өдөр нь онлайнаар бичлэг болгон тавьсан байдаг. Тиймээс оюутан нэг лекцийг хэдэн ч удаа давтан сонсох боломжтой. Энэ нь тэмдэглэл хөтлөлгүй, хичээлдээ 100% анхаарлаа хандуулахад тусладаг. Манай сургалтын төв ч мөн ялгаагүй тухайн өдрийн үзсэн бүх сэдвийг онлайн хичээл болгон хэдэн ч удаа давтан үзэх боломжтойгоор вебсайтдаа байршуулж өгдөг.
Ингэснээр хүүхдүүд ангид хичээлийн агуулгыг цээжлэх биш анхаарч, төвлөрч ойлгоно. Бас ангиас гадуур давтах боломжоор хангагдаж сургалтын чанар сайжирдаг. Гэрийн даалгавар нь сурагчдыг залхаан цээрлүүлэх биш тухайн багш өөртөө дүгнэлт хийх, сурагчдынхаа ойлгоогүй зүйлсийг олж мэдэж авах арга, дараагийн хичээлдээ, заах арга барилдаа юун дээр илүү анхаарах ёстойгоо мэдэх чухал мэдээлэл, хүүхдүүдийн тархи руу өнгийх боломж юм. Үнэндээ гэрийн даалгаврыг ангид шалгах нь цаг үрсэн хэтэрхий хуучирсан арга барил учраас дэлхий нийтээрээ гэрийн даалгавар, бие даалтуудыг онлайнаар өгч, багш нар нь дараагийн анги эхлэхээс өмнө шалгаж хичээлээ орохдоо тухайн шалгалтын үр дүнд тохируулан хичээлээ динамик байдлаар зааж байна. Аав, ээжээс асуух миний асуулт: Таны судалж буй сургалтын төв сурагчдад зориулсан тусгай цаг байдаг уу? Хичээлээс гадуур давтах боломжоор хэр хангаж байна вэ?