fbpx

мета ертөнц

“Facebook” компани нэрээ “Meta” гэж өөрчилж, мета ертөнцөд урьж байна

“Facebook” компани нэрээ “Meta” гэж өөрчилсөн тухай компанийн үүсгэн байгуулагч Марк Цукерберг мэдээлжээ.

Тэрбээр “Өнөөдрөөс эхлэн бид “Meta” гэж нэрлэгдэх болсон” хэмээн компанийн “Connect” бага хурал дээр мэдэгдлээ. Цукерберг “Metaverse” буюу “Мета ертөнц” төсөл, Мёбиусын тууз болон хязгааргүй тэмдгийн хэлбэр бүхий шинэ логог танилцуулсан байна.

“Meta” гэдэг нь грекийн “дараа” гэсэн утгатай. “Миний хувьд энэ нь тус компанид цаашид хөгжих орон зай хэзээд байх болно гэсэн утгыг бэлгэддэг” гэж Цукерберг тайлбарлажээ.

Түүний хэлснээр, шинэ брэндинг хийснээр хэрэглэгчид дэлгэцээс татгалзаж, виртуал орон зайд бодит мэдрэмжийг авч, найз нөхөдтэйгөө харьцах, ажил хэргийн уулзалт хийх, худалдан авалт хийх, концерт үзэх боломжтой мета ертөнцөд илүү анхаарахаар зорьж байна.

Ингэхдээ тус компанийн Facebook, Messenger, WhatsApp болон Instagram сүлжээний нэрс хэвээр үлдэх аж.

Мета ертөнцийн хүн ам ирэх 10 жилд нэг тэрбум болж, тоон худалдааны эргэлт нь олон зуун тэрбум ам.долларт хүрч, олон сая хүний ажлын байрыг дэмжинэ гэдэгт Цукерберг найдаж буйгаа илэрхийлжээ.

Энэхүү томоохон өөрчлөлттэй зэрэгцэн тус компанийн хувьцаа Нью-Йоркийн бирж дээр 1.5 хувиар өссөн байна.

“Компанийн шинэ нэр бидний туулсан болоод ирээдүйд туулахыг хүсэж буй замыг бэлгэдэж байна. Бид зөвхөн “Facebook” байхаа больж, мета ертөнцийг боловсруулсан компани гэж хүлээн зөвшөөрөгдөхийг хүсэж байна” гэж Цукерберг онцолжээ.

Мета ертөнцөд хүмүүс “Facebook” компанийн боловсруулсан виртуал бодит байдлын “Oculus” нүдний шилний тусламжтайгаар “Horizon Home” тоон орон зайд өөртөө зориулан байшин барьж, “Horizon Workrooms” орон зайд ажлын байраа тохижуулж, ажил хэргийн уулзалт, бага хурал зохион байгуулах боломжтой болох ажээ. 

Leave a Reply